ЭМЯ-аас ирэх аравдугаар сард коронавирус улирлын томуутай хавсран нөхцөл байдал улам хүндрэнэ хэмээн мэдэгдээд байгаа билээ. Үүнийг дагаад нэг удаагийн хамгаалах хэрэгсэл, маскны хэрэгцээ улам нэмэгдэх хандлагатай байна. Аравдугаар сарын “хавсарга”-д манай улс хэр бэлтгэлтэй байгаа талаар “Мөнхийн тун” ХХК-ийн харьяа Тун Фарм эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрийн захирал М.Хад-Эрдэнэтэй ярилцлаа.
-Аравдугаар сард коронавирустэй, улирлын томуу хамжин нөхцөл байдал хүндэрнэ хэмээн ЭМЯ-аас байнга сануулж байна. Танай компани дотоодын эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэдэг цөөхөн компаниудын нэг. Хүйтний улирал ирж байна. Маскны нөөц бололцоо хэр байгаа вэ?
-Хоёрдугаар сараас эхлээд зургаан сар хүртэлх хугацаанд амны хаалтны нөөц бүрдүүлэх ёстой юм байна шүү гэдэг сургамж авлаа. Бид өдөрт 40 мянган маск үйлдвэрлэдэг байсан бол дөрөвдүгээр сард шугамын өргөтгөл хийж өдөрт 150 мянган маск үйлдвэрлэх хүчин чадалтай болсон. Зургадугаар сараас эхлээд хүмүүс их тайвширч, маскаа зүүхээ болилоо. Тэглээ гээд бид үйлдвэрлэлээ зогсоосонгүй. Харин ч аравдугаар сараас эхлэх улирлын томуу, коронавируст бэлтгээд боломжоороо нөөц бүрдүүлж байна.
-Дэлхийн зах зээл дээр маскны түүхий эдийн үнэ хэр байгаа вэ?
-Түүхий эдийн үнэ огт буухгүй байна. Манай улс дотооддоо халдвар алдаагүй байгаа болохоос бусад оронд дэгдэлт өндөр байгаа учир түүхий эдийн үнэ төдийлөн буухгүй байна. Хоёрдугаарт, зах зээл дээр зарагдаж байгаа маск, хамгаалах хувцасны хяналт сул байна. Энэ маш хор уршигтай. Бид маскандаа PP гээд 0.2 микроноос дээш хэмжээтэй тоосонцрыг шүүдэг филтер хийдэг. Гэтэл маскны гаднах материалыг гурав давхарлачхаад гурван давхар хамгаалалттай маск гээд зараад байна. Коронавирусийг үүсгэж байгаа вирус 0.5 микроны хэмжээтэй. Тэгэхээр зүгээр гурав давхарлачихсан филтергүй маскаар чөлөөтэй нэвтэрнэ гэсэн үг юм.
Одоо ХӨСҮТ-ийн эмч нар манай үйлдвэрийн хамгаалах хувцас, маск, халатыг өмсөөд эрсдэлтэй орчинд ажиллаж байна. Бид нар энүүхэндээ хийж байгаа бүтээгдэхүүнээрээ бахархаж байгаа юм. Монгол Улсад дотоодод халдвар гарахгүй байна гэдэг манай бүтээгдэхүүн чанартай байна гэсэн үг. Хэрэв бид ашиг хонжоо хайгаад ямар ч филтергүй маск үйлдвэрлэсэн бол эмч нар өөрсдөө өвдөөд эхэлнэ шүү дээ. Харьцуулах судалгаа хийх зорилгоор зах зээл дээр байгаа маскуудыг авч үзэхэд филтертэй маск байгаагүй. Хэрэглэгчид танай маск зуны улиралд зүүхэд хэцүү байна гэж байна. Яагаад гэвэл 0.2 микроныг шүүж байгаа учраас зүүхэд хэцүү. Үнэхээр эрсдэлтэй нөхцөлтэй нүүр тулаагүй байгаа учраас үүнийг тээршааж байгаа болохоос яг халдварын орчинд бол халдвараас найдвартай хамгаална гэдгийг хэлмээр байна.
-Түүхий эдээ хаанаас авч байгаа вэ?
-Бид Солонгосоос түүхий эдээ авдаг. Хятад хилээ хаах үед компанийн ТУЗ-ийн дарга Солонгост биечлэн очиж Европ, Америк руу түүхий эдээ импортлодог компанитай гэрээ байгуулсан юм. Тэгээд материалуудаа авчрахад манай тоног төхөөрөмж дээр ч гэсэн сайн таарч өгсөн. Нэг удаагийн маск гэдэг стандарттай бүтээгдэхүүн. Хил хаах үед бид зургаан сая гаруй маскны түүхий эд авсан. Одоо үүнээс гурван сая гаруй нь үлдсэн байна.
-Филтергүй маскнууд зараад байна гэсэн. Тэгэхээр иргэд маск худалдаж авахдаа үүнийг шалгаад авч болох уу. Хэрхэн шалгах вэ?
-Энгийн маск худалдаж авахдаа гараараа барьж тэмтрээд филтертэй, филтергүйг нь мэдэх боломжгүй. Эмийн сангуудаар зарагдаж байгаа маскыг мэргэжлийн байгууллагууд хянах л хэрэгтэй. Стандарттай бүтээгдэхүүн учраас хөндлөнгийн лабориториор шинжлэхэд л тодорхой болно.
-Гадуур маскны үнэ буужээ. Танайх буух боломжтой юу. Одоо бөөний үнэ нь 700 төгрөг гэж байгаа юм байна?
-Үнийн хувьд дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ буучихвал бид бизнесийн байгууллага учраас дагаад буулгана. Гэтэл дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ буухгүй байгаа учраас боломжгүй байна.
Саяхан Засгийн газрын шийдвэрээр импортоор орж ирж буй маскнаас татвар авахаа больсон. Гэтэл тэр шийдвэрт маскны түүхий эд гэж нэг ч үг байхгүй. Маск үйлдвэрлэх түүхий эд оруулж ирэхэд татваргүй болгочихвол мөн үнээ буулгах бүрэн боломжтой юм.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалт http://www.itoim.mn/