Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч О.Амартүвшин, АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны дэд тэргүүн Грегори Мэй нар "Мөнхийн тун" эм эмнэлгийн хэрэгслийн үйлдвэртэй танилцлаа.
Тус үйлдвэр он гарсаар 3.5 сая ширхэг амны хаалт үйлдвэрлэж улсын нөөцөд нийлүүлжээ. Харин одоо ард иргэдийн хэрэгцээг хангахаар үйлдвэрийн хүчин чадлаа нэмэгдүүлэн өдөрт 150 мянган ширхэг амны хаалт үйлдвэрлэж эмийн сангуудаар борлуулж эхэлсэн байна.
Мөн энэ оны 2 дугаар сараас цар тахлын эрсдэлтэй орчинд ажиллаж буй дотоодын эмч, эмнэлгийн ажилтнууд болон бусад албан хаагчдын хэрэгцээнд зориулан хамгаалалтын хувцас үйлдвэрлэж эхэлжээ. Энэ хугацаанд улсын нөөцөд 85 мянган ширхэг, ДЭМБ, Дэлхийн банкны захиалгаар 50 мянган ширхэг хамгаалалтын хувцас үйлдвэрлэн нийлүүлээд байна. Хамгаалалтын хувцасны материалыг БНСУ-аас АНУ-д экспортолдог үйлдвэрээс худалдан авдаг учир чанарын шаардлагад бүрэн нийцэж байгааг үйлдвэрийн удирдлагууд онцлов.
Манай улсад гаднаас зөөвөрлөгдсөн "Covid-19"-ийн 42 тохиолдол бүртгэгдэж 13 хүн бүрэн эдгэрсэн. Энэ хугацаанд эмч, эмнэлгийн ажилтан халдвар аваагүй нь хамгаалалтын хувцас хэрэгсэл найдвартай, чанартай байгааг илтгэж байгааг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар онцлоод цар тахал намжсаны дараа энэ төрлийн бүтээгдэхүүнийг бусад улс оронд экспортлох боломж харагдаж байгааг тэмдэглэсэн юм.
АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны дэд тэргүүн Грегори Мэй: “Дэлхий дахинд цар тахал дэгдсэн хэцүү үед Монгол Улс дотооддоо ариун цэвэр, стандартын шаардлага хангасан хамгаалалтын хувцас хэрэгсэл үйлдвэрлэж байгаа нь бахархууштай. Манай хоёр улсын худалдаа бидний хүлээлтээс харьцангуй бага байгаа учир стратегийн түншлэлийн хүрээнд шинэ боломжуудыг нээж худалдааг өргөжүүлэх сонирхолтой байна. Монголд үйлдвэрлэсэн ноолууран бүтээгдэхүүн, түүний араас эмнэлгийн хувцас хэрэгсэл ч Америкийн зах зээл дээр гарах боломжтой нь харагдлаа” хэмээгээд АНУ газарзүйн байршил, тээвэрлэлтийн хүндрэлээс үл хамааран Монгол Улстай эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх бүх боломжийг эрэлхийлж байгааг тэмдэглэв.
Эх сурвалж https://www.montsame.mn/