Монгол Улсын Засгийн газраас 1 сая ам.долларын үнэ бүхий 60,000 ширхэг нэг удаагийн эрүүл мэндийн хамгаалах хэрэгслэлийг АНУ-д хандивлалаа. Тус хамгаалах хэрэгслийг хувийн хэвшлийн дотоодын “Мөнхийн Тун” ХХК болон “ExMed” ХХК компани үйлдвэрлэсэн. Энэ нь дотоодын үйлдвэрлэлээ дэмжсэн төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг харуулсан томоохон үйл явдал боллоо.
МҮХАҮТ Ерөнхийлөгч О.Амартүвшин: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар, ГХЯ-ны сайд Цогтбаатар АНУ-ын талтай холбогдож, Танхимын зүгээс хувийн аж ахуйн нэгжүүдээ зохион байгуулан ажилласнаар энэхүү хандивын үйл ажиллагааг 2 сарын дараа бодит ажил болгож чадлаа. Монголын аж ахуйн нэгжийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн АНУ руу тусламжаар явж байгаад маш их баяртай байна. Энэхүү үйл ажиллагаа нь төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг харуулсан маш том үйл явдал болж байгаа бөгөөд хувийн хэвшлээ дэмжиж ажилласан төрд маш их талархаж байна. Мөн төр хувийн хэвшлийнхэн хамтран ажиллаж чадвал ажлын байрыг нэмэгдүүлэх цаашлаад бараа бүтээгдэхүүнээ экспортлох маш том орон зай нээгдэх юм хэмээв.
АНУ-аас Монгол Улсад суугаа бүрэн эрхт элчин сайд С. Клечески: Энэхүү тусгай үүргийн шууд нислэг нь Монгол улсаас АНУ руу хийгдэж буй анхны нислэг бидний цаашдын урт хугацааны хамтын ажиллагааны эхлэл болно гэж итгэж байна. Манай хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойш 30 гаруй жилийн хугацаанд маш сайн харилцаатай байсаар ирсэн. Харин сүүлийн хоёр жилд стратегийн түншлэлийн хүрээнд харилцаа хамтын ажиллагаа маань улам гүнзгийрч байна. Монгол Улс, АНУ цар тахалтай тэмцэхэд харилцан тусламж үзүүлж буй нь стратегийн түншлэлийн бодит тод жишээ болж байна.
Эх сурвалж: Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим